Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Д.Данзан: Дүйцүүлж цол олгох нь буруу
2013 оны 6 сарын 5
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Энэхүү хуулийн төсөлд  Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол, улмаар 10 давж түрүүлбэл Улсын аварга цол олгох, түүнчлэн улсын баяр наадамд найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол аварга цол олгохоор заажээ. Харин 2003 оноос хойш бий болсон далай аварга цолыг олгодоггүй болгохоор хуульчлахаар тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний бөхийн цол чимгийн агуулга сайжирч, бөхчүүдийн өрсөлдөөн, барилдааны чанарт өөрчлөлт гарна гэж хууль санаачлагч үзэж байгаа юм.

Тэгвэл энэхүү цол олгох хуулийн төслийн талаар Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзантай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт Р.Гончигдорж гишүүн Улсын баяр наадмаар цол олгох журамд өөрчлөлт оруулах нэгэн хуулийн төсөл боловсруулснаа танилцуулсан. Монголын үндэсний бөхийн холбоо энэ хуулийн төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын гишүүн хүн бүрэн эрхийн дагуу хууль санаачлах, боловсруулах эрхтэй байх л даа. 2003 онд Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хуулийг батлах ажлын хэсэгт Монголын үндэсний бөхийн холбооноос төлөөлөл оролцож байсан юм. Монголын үндэсний бөхийн холбоо бол үндэсний бөхийн мэргэжлийн байгууллага. Тэр утгаараа 2003 оны хуулийг батлахад санал бодлоо тусгасан юм. Ер нь аливаа хуулийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллагатай хамтран ажилладаг гэж ойлгодог. Эрүүл мэндийн хууль батлахад яамтай нь, мэргэжилтнүүдтэй нь зөвлөлддөг байх гэж бодож байна.

Хуулийн төсөлд ойлгомжгүй зүйл байна. Тухайлбал, Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол, улмаар 10 давж түрүүлбэл улсын аварга цол олгоно гэж байна. Давахаас нь өмнө аварга цол олгочихоод, давбал улсын аварга цол өгөх юм байна. Үүнийг сайн ойлгохгүй л байна. Аварга, Улсын аварга гэдэг хоёр цол гаргах гээд байна уу. Эсвэл хэвлэл алдав уу гэдгийг гайхаад л байна. Хоёр арслан улсын баяр наадамд ес давлаа гэхэд хоёулаа аварга болох юм байна. Түрүүлээгүй атлаа адилхан аварга болно гэдэг нь ойлгомжгүй юм. Үүнийг УИХ-аар хэлэлцэхээр ойлгомжгүй зүйл, заалтууд тодорхой болно биз дээ.

-Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны цол олгох журамд өөрчлөлт оруулахаар болсон талаар та бүхэнтэй хуулийн төсөл санаачлагч ярилцсан уу?

-Үндэсний бөх Монголын үндэсний бөхийн холбоо гээд мэргэжлийн байгууллагатай. Тэрхүү байгууллага нь хуралдаад дүрэмдээ өөрчлөлт оруулах эрхтэй төрийн бус байгууллага байгаа юм. Тиймээс төр, хуулийн төслийг санаачлагч мэргэжлийн байгууллагын саналыг авах нь зүйтэй юм болов уу. Мөн бөхчүүдийн саналыг авахад ч буруудах зүйлгүй гэж бодож байна. Гэтэл холбоо, бөхчүүдийн төлөөллөөс ч санал аваагүй.

-Энэхүү хуулийн төсөл ёсоор бол монгол бөхийн цолыг дүйцүүлэн олгохоор болж байх шиг байна. Энэ талаар ямар үзэл бодолтой байна вэ?

-Хуулийн төслийн гол санааг хэвлэлээс харснаар бол Улсын баяр наадамд найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол аварга цол олгохоор тусгасан байна. Тэгэхээр улсын наадамд түрүүлээгүй бөх аварга болох юм байна. Бас гурван удаа найм давсан бөхөд улсын арслан цол хүртээхээр тусгажээ. Монголын үндэсний бөхийн холбоо цолыг дүйцүүлж олгох нь буруу юм гэдгийг 2002 онд дүрмээрээ баталгаажуулсан. Дүрмийг 2003 онд УИХ баталсан юм. Санаачлагч энэхүү хууль батлагдсанаар хэр олон хүнд хүрэх юм, бөх сонирхогч ард түмэн хэрхэн хүлээж авах юм гэдгийг бас тооцоолсон байх ёстой. Түүнээс хэдхэн хүнд зориулж хууль батална гэдэг байж боломгүй зүйл мэт санагдаж байна. Хоёр, гуравхан бизнесмэнд зориулж хууль баталдаггүй биз дээ.

Харин далай аварга гэдэг цолыг 1990 онд үндэсний бөхөд шинээр оруулсан. Энэ цол арай хатуудаж байна уу даа гэж би өгүүлэл бичиж, нийтэлж байсан. Далай аварга цолыг больё. Дөрөв түрүүлсэн бөхөд дархан аварга цол олгож байя гэж бичсэн юм. Энэ нь  Монголын үндэсний бөх дархан аварга цолтноор тасрах ёсгүй юм гэдэг санаатай юм.

Сүүлийн 23 жилийн үндэсний бөхөд дархан аварга цолтон төрөөгүй. Цаашид энэ байдал хэдэн жил үргэлжлэхийг мэдэхгүй юм. Өрсөлдөөн ширүүссэн энэ үед ойрын гурав, дөрвөн жил дараалаад түрүүлэх бөх харагдахгүй байгаа юм. Тиймээс дөрөв түрүүлсэн бөхөд дархан аварга цол олгоход буруудах зүйлгүй юм болов уу гэж бодож явдаг.

-Хэрвээ энэхүү хуулийн төсөл батлагдвал яах бол?

-Энэ хууль батлагдвал монгол бөхийн цолыг дүйцүүлэн олгох болно. Тэгвэл дэлхийн түүх, жишээг харъя. Олимпийн хос мөнгөн медальтай бөхийг олимпийн аварга гэж дууддаг бил үү. Дэлхийн гурван удаагийн мөнгөн медальтай тамирчныг дэлхийн аварга гэж цоллодог бил үү. Иймээс дэлхийн жишгээ, монгол ёс уламжлалаа бодсон ч тэр дүйцүүлж цол олгох нь ойлгомжгүй юм. Манай одоогийн мөрдөж буй даваа бүрт цол олгодог журам үүнтэй л адил. Сайн бөх улсын наадамд 10 удаа ч найм давж, үзүүрлэж болох шүү дээ. Тэгэхээр ямар цолтой болох уу гээд л ойлгомжгүй зүйл их харагдана билээ.

Хэрвээ бүр энэ хуулийг батлахаар бол бүх зүйлийг тодорхой болгох ёстой. Мэдээж гурван удаа найм давна гэдэг бөх болгонд тохиох зүйл биш нь аргагүй. Гэхдээ бөхийг түрүү, үзүүр, найм, ес давсан гэж алагчлан үзэх ёсгүй. Нэгэнтээ дүйцүүлэх журмаар цол олгохоор бол, гурван удаа улсын наадамд зургаа давсан харцагад заан цол, мөн гурван удаа тав давсан начинд харцага цол олгох шаардлага гарна. Бүр цаашлаад улсын баяр наадамд гурван удаа дөрөв давсан аймаг, цэргийн арсланд начин цол олгох уу гээд тодорхой бус зүйл, заалтууд их байна. Монгол бөхийн цол гэдэг эртнээс нааш улсын цолноос эхлээд сумын цол хүртлээ уялдаа холбоотой байж ирсэн. Энэ зүй тогтлыг хууль мэт мөрдсөөр ирсэн. Дүйцүүлж цол олгоно гэдэг үндэсний бөхөд тохиромжгүй мэт. Гэхдээ УИХ-ыг хууль батлах мэргэжлийн байгууллага гэж бодож явдаг. Тэгэхээр тодорхойгүй зүйл заалтыг тодруулах биз ээ.

Б.ОЙНБИЛЭГ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.